Төллөх эх малыг угтуулан тэжээх ашигтай

 Манай орны үнэт баялаг мал сүргийг ган, зуднаас хамгаалж, онд мэнд оруулах, ашиг шимийг нь бүрэн хүртэхэд малын тэжээлийн хангамж тулгамдсан асуудал хэвээр байна. Монгол орон байгаль уур амьсгалын нөхцөл эрс тэс ширүүн, ган зудын онц аюултай үзэгдэл тасрахгүй үргэлжилдэг. Өнөөгийн байдлаар хээрийн бүсийн нийт бэлчээр үлийн цагаан оготны хөнөөлд сүйдсэн, малын тоо хэт өсөж бэлчээрийн даацаас 2 дахин хэтэрсэн, нийт бэлчээрийн 72-76 хувь доройтолд орсон зэрэг таагүй мэдээ, судалгаа байна. Бэлчээрийн цэл ногоон өнгө зэгэл цайвар болж, шарилжны өвөрмөц эхүүн үнэр ханхлах болов. Сүүлийн жилүүдэд газар газрын малчид «мал сүрэг давжаарч буй» тухай ам дамжуулан ярьж байна. Байгалийн хүндрэл, бэрхшээл, ган, зуд болдгоороо болох учраас малчид маань болзошгүй хатуу ширүүнийг даван гарах мэдлэг, чадвартай, түүний өмнө бүрэн бэлтгэлтэй байх шаардлагатай. Үүний нэг нь гарын доорхи нөөцийг ашиглан малдаа зориулан хүрэлцэхүйц хэмжээний тэжээл бэлтгэх явдал юм.

НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ
- Нэмэгдэл тэжээл гэж юу вэ: Мал, амьтны тэжээлийн хэмжээг хуурай бодис (өвс), харин чанарыг тэжээлийн нэгж, шингэх протеинээр (уураг) тооцож, бэлтгэж, тохируулдаг. Мал хуурай бодис, тэжээлийн нэгж, шингэх протеинээр (уураг) тооцогдсон тодорхой хэмжээний тэжээлийг хоногт тогтмол идэж байх ёстой. Үүнийг тэжээлийн норм гэнэ. Тухайлбал хонин нэгжид шилжүүлсэн бэлчээрийн монгол мал хоногт 1.7-2.1 кг хуурай бодис (өвс) идэх шаардлагатай хэмээн ойлгож болно. Хуурай бодис нь тодорхой хэмжээний шимт бодис, биологийн идэвхт бодис, эрдэс бодисыг агуулж байх ёстой. Өвөл-хавар тэжээлд дутагдаж буй хуурай бодис, түүнд агуулагдах шимт ба биологийн идэвхт бодисын нийт хэрэгцээг нэмэгдэл тэжээл гэнэ. Энэхүү шимт ба биологийн идэвхт бодисыг агуулсан тэжээлийг бэлчээрийн зуны ногооноос илүүдэл, намар барагтайхан, харин өвөл-хаврын борог өвснөөс дутуу хэмжээтэй авч байдаг. Иймээс мал сүргийг өнтэй онд оруулахад чанар сайтай зохих хэмжээний тэжээл зайлшгүй шаардлагатай болно.
Нэмэгдэл тэжээлийн ач холбогдол: Малчин хүний хотонд агт морь, амбан шар, атан тэмээ, бүдүүн ирэг, сэрх байх үзэмж төгс сайхан харагддаг. Энэ бол малчин хүн бүрийн нэгэн бахархал билээ. Гэвч тэжээл их хэрэглэх бөгөөд бид бэлчээр дэх өвс ургамлын үнэ цэнэ, ач холбогдлыг мэдэхгүй байгаа нь нэн харамсалтай. Малчин хүний гол зорилго нь хэрвээ залхуугүй тэжээл бэлтгэж, зөв оновчтой тэжээж чадвал эцсийн үр дүн нь дараах хэлбэрээр ойрхон, хотон дотор нь бэлэн зэлэн байгаа. Нэмэгдэл тэжээлийн ач холбогдол их, хураангуйлан хэлбэл дараах З асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэж байгаа юм. Үүнд: • Мал сүргийн бүтээгдэхүүн өгөх таваарлаг буюу биологийн чадавхыг дээшлүүлэх;
• Бүс нутагт тохиолдож буй цаг уурын эрсдлийг (ган, зуд) бууруулах;
• Зах зээлд чанар сайтай бүтээгдэхүүн тогтмол нийлүүлж ашиг орлого нэмэгдэх болно.
Та бүхэн малынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээнээс хэд дахин илүү малтай, гадаад зах зээлгүй нөхцөлд мал өсгөх шаардлага байна уу? Энэ асуудал онц чухал бишээ. Харин үржил, селекцийн ажлын зэрэгцээ тэжээллэг-арчилгаа маллагааг нэгэн зэрэг сайжруулах аргаар бүтээгдэхүүн өгөх таваарлаг (биологи) чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Нөхөн үржихүйн биологи буюу үржил, селекцийн ажлыг сайжруулах аргаар мал аж ахуйн таваарлаг байдлыг дээшлүүлэхэд үндсэн тулгуур асуудал нь нэмэгдэл тэжээл юм. Тухайлбал ашиг шим сайтай, эрүүл чийрэг малтай байх, эх малыг өнтэй онд оруулж жилбэ сайтай төллүүлэх болон амьдрах чадвар сайтай, эрүүл чийрэг төл хүлээн авах, төлийг эрчимтэй өсгөн бойжуулах, зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг зөвхөн нэмэгдэл тэжээлийн хүчээр бүрэн шийдвэрлэх боломжтой.
Бэлчээрийн зуны дээд ургац өвөл хаврын улиралд 30-50 хувь багасаж, шимт чанар 50-70 хувь буурдаг. Бэлчээрийн борог буюу хагд өвсөнд амьдралыг тэтгэгч уургийн хэмжээ бараг 2.0 дахин буурах ба биологийн идэвхт бодис болох фермент, гормон, витаминууд бараг үгүй болдог юм. Иймээс мал сүрэг, ялангуяа хээлтэгч болон нэг наст мал зун намрын улиралд авсан тарга хүчнийхээ 20-30 хувийг алдаж онд ордог.
Хээлтэй эх малыг төллөхөөс нь өмнө угтуулан тэжээж жилбэ сайтай төллүүлэх, нялх төлийг гал уургийг хөхүүлж амлуулах, уураг-сүүнд бүрэн цатгах, тэжээлд эрт оруулах нь амьдрах чадвар сайтай эрүүл чийрэг төл хүлээн авах, нялх төлийн биед дархлаа суулгах, төлийг эрчимтэй өсгөн бойжуулах нь чухал юм.Гарын доорох материалыг ашиглан тэжээл бэлтгэх нь өнөө цагийн хамгийн шилдэг арга малаа тогтмол усалж, хужир шүү тавьж өгч, боломжийн хирээр эрдэс, витамины нэмэгдлийг олгодог байх нь өвөл, хаврын мал маллагааны салшгүй чухал хэсэг болно. Манай ахмад малчид гар тэжээл, ханд, тарваганы ходоод, адууны элэг гэх мэт витаминаар баялаг тэжээл бэлтгэж өвөл, хаварт ядарсан малдаа өчүүхэн багаар өгч онд мэнд оруулдаг сайхан уламжлалтай.Гар аргаар тэжээл бэлтгэх нь
ТААНЫ ЗООДОЙ: Тааныг 8сарын эхээр хадаж аваад шүүстэй байхад нь 2-3 см урттай хэрчиж хивэгтэй холин шар сүү бага зэрэг нэмж базаад 20-30гр хэмжээтэй хэвэнд оруулан шахаж сайн хатаана. Хатаасан зоодойг бог малд 1ш, бодод 2-3ш-ийг өдөрт нэг удаа өгнө.
ХАЛГАЙН ТЭЖЭЭЛ: Дөнгөж ургаж байгаа хаогайг түүж хэрчээд 1 кгтутамд 10-20г давс, хужир, 100-150г хивэг хийж янз бүрийн хэлбэртэй хэвэнд нягт шахаж сүүдэрт хатаана.
Мөн хаонайн хэрчиж жижиглээд сүүдэр газар дэлгэж хатаана. Ингэж бэлдсэн 2 кг халгай тутамд 10л ус хийж 30 минут орчим буцалгаж таглан 1-2 цаг хучиж дулаан байлгасны дараа маарлаар шүүнэ. Халгайн ханданд хоолны давс нэмж уусгаад хурга ишнэнд 30-50г, унага, тугалд 50-100 граммыг өдөрт 3-4 удаа өгнө.
АГИНЫ ХАНД: Агийг 7-8 сард хураан авч ногооноор нь хатаана. Ханд хийхдээ 10л усанд дунд шаазангар 2 буюу 200-300г хэрчиж жижиглэсэн агь хийж хүрэн, бор өнгөтэй болтол буцалгаж хандална. Турж эцсэн хонь ямаанд өдөрт 0,5-1 л-ийг өгөхөд амархан тэнхэрнэ. Мөн хандыг бүлээтгэн төлд 20-30г өгч болно.
СОНГИНО САРМИС: Малчид сармисыг тэжээлийн зориулалтаар өргөн хэрэглэх боллоо. Брг малд өдөрт 2 ш хумс буюу тал сонгиныг өгнө. Цэвэрлэсэн 5-7 ш сонгиныг хэрчиж жижиглэн 1 л усанд хандлан төлийг амлуулахын өмнө тугалд 20-30мл, хурга ишгэнд 5-10мл өгнө. Энэ нь төлийн хоол боловсоруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулан гэдэсний халдварт өвчнөөс сэргийлдэг байна. Мөн буцалсан 10 литр усанд 10ш сонгино машиндаж хийгээд дээр нь хошуу будаа 1кг, 500г багсармал тэжээл нэмж дулаан газар хонуулаад жилбэгүй төллөсөн хонинд 100-200г өгч сүү оруулна. Ядарч доройтсон бог малд 100-150мл, бодод 200-400мл өгнө.
МАНГИРЫН СОРС: Мангирын сорсыг 9-р сард бэлтгэнэ. Мангирыг түүж жижиглэн хэрчээд аарцтай хольж 10кг-д 0,5кг орчим давс хийж гүзээ, тулманд даршилж болно. Халуун усанд хандалсан сорсыг жилбэ муутай буюу ядарсан төоөг борлонд хоолны хаобагаар өдөрт нэг удаа өгнө.
АДУУНЫ ХАЛТАР ХОМООЛ:- Намрын халтар хомоол сайн тэжээл болдог. Адууны халтар хомоолыг 8,9,10-р сард түүж ашиглавал арвин их тэжээл бэлтгэж болно. Хомоолыг үйрүүлээд 10 кг-д нь 500 гр дэвтээсэн хивэг, 0,1-2 кг багсармал тэжээл юмуу няцалсан будаа, хужир хольж бог мал, тугалд 50 гр-ыг идүүлнэ. Адууны халтар хомоолыг дангаар нь адууны өөхөнд багсарч бээрсэн, осгосон малд өгдөг. Хомоолыг бүхлээр нь тостой шөлөнд дүрж төлөг, борлонд идүүлж болно.
ДАВСАЛЖ ХАТААСАН МАНЖИН:- Манжинг нимгэвтэр хавтгай хэрчээд давс, хужир сайн шингээсний дараа ааруулын адилаар дэлгэц дээр тавьж хатаана. Мал тэжээхийн өмнө бүлээн усанд дэвтээж өдөрт бод малд 1 сайн атга,, бог малд түүнээс арай багаар өгнө. Хатаасан манжинг төллөсөн хонь, ямаа, хээлтэй үнээ, нэг настай малд өгөхөд сайн тэжээл болно.
ШАР БУДААНЫ ЧАНАМАЛ:- Өтгөн чанасан хар цайнд 0,5-1 кг шар будаа чанаад ядарч доройтсон үхэрт 3-4 литр өгнө. Мөн хээлтэй хонь, ямаанд төллөхөөс 15 хоногийн өмнө 0,5-1 литрийг 2-3 өдөр дараалан уулгавал жилбэтэй төллөдөг. Нэгэнт жилбэгүй төллөсөн хонинд дээрх хэмжээтэй өгөхийн хамт 1 литр усанд 200 гр шар будаа чанаж зутан болгоод амтагдах төдий элсэн чихэр хийж 1 төлд 30-100 гр-аар өдөрт 2-3 удаа өгнө.
ШАР БУДАА, СОНГИНЫ ҮРЭЛ:-Ээзгий ширгээх, бяслаг шахах, аарц ээдүүлж ааруул хурууд зэргийг их хийдэгтэй холбоотойгоор шар сүү их гардаг. Түүнийг өтгөн зуурмаг болтол нь ширгээж дангаар нь буюу сонгинын иш, мангир, халгай зэрэг хурц амтлаг ургамалтай хольж хутгаад жижиг дугуйнууд болгон хатаагаад өвөл, хавар хурга, ишиг бог малд 1-3 ширхэгээр идүүлж болно.
СЭВС:-Зун, намрын улиралд идшинд хэрэглэсэн эрүүл малын сэвсийг тэжээлд зориулан хэрэглэж болно. Малын идсэн өвс, тэжээл ходоодонд ороод хальс нь зөөлрөн уураг, бусад шимт бодис нь боловсроход бэлэн болсон байдаг учраас сэвс онцлог тэжээл юм.Сэвсийг буцалгаж ариутгаад давс, хужиртай хольж дугуй зоодой болгон хатааж бод малд 1-2 кг, бог малд 500-600 гр-аар идүүлэх буюу их хэмжээтэй бол хужиртай хольж долооц маягаар бэлтгэн хотны ойролцоо байнга байлгавал тохиромжтой.
ТОСНЫ ГҮЗЭЭ:- Хивэгч малын гүзээ төрөл бүрийн шимт бодисоор баялаг учир шим тэжээлтэй байдаг. Тосны гүзээг жижиглэн хэрчиж төлөг, борлонд бага хэмжээгээр өгч болох бөгөөд махны шөлөнд буцалгаад хөгшин малд өдөрт 250-300 гр өгнө. Эсвэл тийм шөлөөр тэжээл багсран өгвөл мал тэнхэрдэг.
АДУУНЫ ӨӨХ, ШАР БУДААНЫ ҮРЭЛ:- Адууны өөх 500 гр, ясны үнс 450 гр, цагаан давс 100 гр, шар будааны гурил 450 гр-ыг хольж хутгаад 1 гр орчим үрэл хийж төл тэжээдэг байна. Энэ нь хаврын улиралд хурга, ишгийг сэнсрэхээс сэргийлэхэд ихээхэн ашигтай юм.
ГУРИЛЫН ЗУТАН: Гурилын зутан бэлтгэхдээ 5-6 литр усанд эсвэл шөлөнд 300-500 гр гурил самарч буцалгана. Бэлтгэсэн зутанг бод малд 1-2 литр, бог малд 800 граммаар өглөө бэлчээрт гаргахын өмнө өгнө.
ШАР БУДААНЫ ЗУТАН: Нэг кг нунтаглаж нүдсэн шар будааг 10 литр хар цай эсвэл 10 литр усанд хийж буцалгаад ядарч доройтсон үхэрт өдөрт 3-4 кг, бяруу, тугаланд 500 граммаар өгөхөд түргэн тэнхэрдэг. Мөн хээлтэй хонь, ямаанд төллөхөөс 15 хоногийн өмнө өдөрт 0,5-1 литрийг уулгавал жилбэтэй төллөнө. Жилбэгүй төллөсөн хонинд дээрх хэмжээгээр өгөхөөс гадна нялх төлд нэг литр усанд 200 грамм шар будаа чанаж зутан болгоод амтлах төдий элсэн чихэр хийж 30-100 граммаар өдөрт 2-3 удаа өгнө.
НИЙТЭЛСЭН: 2023-01-16 өдөр 09:56:4 цаг