“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛТ БОЛЛОО✅✅✅
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа юм. Энэхүү хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр Хэнтий аймагт боллоо.
Нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэргүүтэй яам, газар хэлтсийн дарга нар хүрэлцэн ирсэн юм.
Мөн 18 сумдын Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчид, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, малчдын төлөөллүүд болох 300 гаруй иргэд оролцлоо.
Нээлтийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулснаар арга хэмжээ эхэлсэн юм. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай танилцуулга, авах арга хэмжээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Г.Эрдэнэсайхан Жижиг дунд үйлдвэрийн бодлого хэрэгжилт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Батчулуун Мал эмнэлгийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Төгсгөлд нь уг сэдэвтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд малын вакцинжуулалт, үнийн өсөлтийн талаар, отрын бүс нутгийн асуудлаар, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг асуудлаар иргэд асуулт асууж, хариулт авлаа.
Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцсон нийт иргэддээ хандаж үг хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.
Хэнтий аймгийн хувьд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Хүнсний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гаргуулан, 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй нийт 37.0 мянган хүний 52.9 хувь буюу 19.6 мянга нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэсэн судалгаа байдаг.

 

НИЙТЭЛСЭН: 2022-10-30 өдөр 17:46:2 цаг