Ц.ИДЭРБАТ: ОТРООР ИРСЭН АЙЛУУД ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ЖИЛ ХЭНТИЙ АЙМАГ ОТРЫН МАЛЧИД ХҮЛЭЭН АВАХГҮЙ ✅✅✅
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газрын удирдлагуудын хамт бүх сумдын Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгүүд, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа. Уг хурлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдон гарсан аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, шүлхий өвчин бүртгэгдсэн хот айл, багт хөл хорио тогтоож, малын шилжилт хөдөлгөөнийг хянахад төрийн байгууллагууд, сайн дурын малчдыг татан оролцуулах, мөн тухайн багаас мал, түүхий эд гаргахгүй байх, Мал эмнэлгийн газраас үзлэг шинжилгээ хийх, сайн малчдаас туршлага судалж уламжлалт арга хэрэглэх, цаг үеийн тарилга угаалгыг бүх сумдад эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авахыг даалгаж, хариуцсан чиглэл тус бүрдээ ажлаа шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өгч шүлхий бүртгэгдсэн багаас малын бичиг өгч, зөрчил гаргавал хуулийн хатуу хариуцлага тооцохоо илэрхийллээ. Тэрбээр өвчин бүртгэгдсэн сумдад аймгийн Гамшгийн эрсдэлийн сангаас 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Үүнчлэн отрын айлаас шүлхий гарсан гэж үзэж байгаа учраас энэ жил Хэнтий аймаг отрын малчид авахгүйг сумдын Засаг дарга нарт мэдэгдэж, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд урт хугацааны хяналтын пост гаргаад байна. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажилласан байна. Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
НИЙТЭЛСЭН: 2021-09-24 өдөр 00:00:0 цаг