Хүнсний тухай хуулийн 6.5 дах заалт, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6.4 дэх заалтын хүрээнд Хэнтий аймгийн хүн амын 2021 оны хаврын улиралд үүсч болзошгүй махны хомсдол, үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд өртгөөр борлуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж “Хангайн авшиг” ХХК шалгарсан бөгөөд тус аж ахуйн нэгж нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 33 тн мах буюу үхэр 17 тн, хонь 16 тн махыг тус тус зах зээлд нийлүүлж хэрэглэгчдэд хүргэн ажиллалаа.
Нөөцийн хадгалалт, савлалт, нийлүүлэлтийн байдалд 7 хоног бүр хяналт тавин ажилласан бөгөөд ковид-19 цар тахал, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүргэлтээр иргэдэд үйлчилж байсан бол 2021 оны 5 дугаар сарын 13-наас Хэрлэн сумын 1-5 дугаар багийн "Золжигүүр" дэлгүүр, "Мөнхнэрэн" ХХК, "Баян өлзийт" дэлгүүр, "Оч" дэлгүүр, "Алтанговь" дэлгүүр, "Нарлаг" дэлгүүр, "Хангал" зэрэг 7 цэгээр дамжуулан нөөцийн мах худалдан борлууллаа.