МЭНДЧИЛГЭЭ

          Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж, орон нутгийн гаралтай экологийн цэвэр, аюулгүй хүнсээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг эрчимжүүлэх замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж улмаар мал сүргийн чанарыг сайжруулж, удмын санг хамгаалан ажиллах нь манай салбарын нэн тэргүүний зорилт бөгөөд 2020 онд манай хамт олон өмнөө тавьсан зорилго, зорилтоо бүрэн биелүүлэн амжилт бүтээл дүүрэн угтах ондоо залгаж байна. Энэ онд манай байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй боловсон хүчнийг 100% мэргэжлийн албан хаагчдаар бүрдүүлэн ажиллаж байна.

          Аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 11.0 мянган малчин, мал бүхий өрхөд тэмээ 4.2 мянга, адуу 325.3 мянга, үхэр 381.2 мянга, хонь 2.454.8 мянга, ямаа 1.702.6 мянга, нийт 4.868.3 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оноос тэмээ 43 толгой буюу 0.9 хувиар буурч, адуу 6.4 мянган толгой буюу 2.0 хувиар, үхэр 28.1 мянган толгой буюу 7.9 хувиар, хонь 101.3 мянган толгой буюу 4.3 хувиар, ямаа 87.4 мянган толгой буюу 5.4 хувиар тус тус өссөн байна. Малын бүтцийн хувьд нийт мал сүргийн дотор хонь 50.4 хувь, ямаа 35.0 хувь, үхэр 7.8 хувь, адуу 6.7 хувь, тэмээ 0.1 хувийг тус тус эзэлж байна.

         Аймгийн 2020-2021 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 03 болон 05 тоот “2020-2021 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргуулан 18 сум, 5 тосгонд хүргүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.

         Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны орон тооны бус зөвлөлийн хурлаар хонин толгойд шилжүүлснээр Хэнтий аймгаас 60.0 мянган толгой мал, Төв аймгаас 25.0 мянган толгой мал, Өвөрхангай аймгаас 25.0 мянган толгой мал, Дундговь аймгаас 25.0 мянган толгой мал, Багануур дүүргээс 15.0 мянган толгой мал, нийт 150.0 мянган толгой мал аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэлээ.

         Аймгийн хэмжээнд 1700 га-д малын тэжээлийн ургамал тариалж 4605 тн тэжээл, 2427 га-д рапс тариалж 780 тн тэжээл тус тус хураан аваад байна. 

         Энэ онд газар тариалангийн салбарт  39  аж ахуйн нэгж, иргэн  үйл ажиллагаа явуулж нийт 21,4  мянган га-д тариалж үүнээс үр тариа 16808 га-д тариалж 20135 тн буюу нэгжээс 12,4 цн, улаанбуудай 16498 га-д тариалж 19555 тн буюу нэгжээс 12,2 цн, малын тэжээл 1400 га-д тариалж 4605 тн, тосны ургамал 2427 га-д тариалж 780 тн, төмс 278,9 га–д тариалж 3873 тн буюу нэгжээс 138,9 цн,  хүнсний ногоо 211,4 га-д тариалж 2472,8 тн буюу нэгжээс 117 цн ургац тус тус хураан авч тариалалт, ургац хураалтын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэн, 21,6 мянган га-д уриншийн боловсруулалт хийгдлээ.

         Улаанбуудайн хураан авсан ургацаас 2021 оны үрэнд 2357 тн, тэжээлд 2005 тн, гурилын үйлдвэрүүдэд 15193 тн-ийг тус тус нийлүүлсэн байна.

         Мөн энэ онд манай аймгийн газар тариалангийн салбарт 2 тэрбум 235,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

         Хэнтий аймгийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцөлсөн 33,4 тн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэн гүйцэтгэсэн бөгөөд нийт 37,4 тн махыг борлуулж гүйцэтгэл 110%-тай ажиллалаа.

         Орон нутгийн хөгжлийн сангийн 197,6 сая төгрөгийн санхүүжилтээр Баянмөнх, Цэнхэрмандал, Мөрөн сумдад ахуйн үйлчилгээний төв баригдаж, шинээр 42 ажлын байр бий болголоо.

         Аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд санд 2020 онд нийт 19 төслийн 1,716,920,000 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг хүлээн авснаас журмын дагуу шаардлага хангасан 4 аж ахуйн нэгж 466,5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 40 гаруй ажлын байр бий болох нөхцөл боломж бүрдээд байна.

         Ийнхүү улиран одож буй 2020 он бидний хувьд салбартаа ихийг хийж бүтээсэн амжилт, бүтээл ундарсан жил болж өнгөрлөө.

         Их амжилтын жимээр хамтдаа урагшилж, өрнүүн их ололт амжилтаар хуучин оноо үдэж буй Хан Хэнтий нутгийнхаа хөдөлмөрч, бүтээлч иргэд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, энэхүү салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн ахмадууд та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлэн айлчлан ирж буй шинэ ондоо эрүүл энх байж, сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл тань биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН

ДАРГА Ж.ЭНХ-АМГАЛАН

 

НИЙТЭЛСЭН: 2020-12-21 өдөр 12:14:4 цаг